Оройхон гарсан болохоор сумын төвд харанхуй болсны дараа очив. Аймгийн төвийнх шиг ярайсан гэрлүүд угтав. Хэдэн жилийн өмнө 24 айлын боловсон орон сууц баригдаж тухайн үедээ сумын төвд орон сууц баригдлаа хэмээн шуугьж байсан нь саяхан. Орон сууцны нэг давхарт буудал байгуулсан нь энд тэндээс зоригсдын тухалдаг газар болжээ.
Өглөө сумын Засаг даргын тамгын газар руу очлоо. Улсын бүртгэлийн мэргэжилтэн Ч.Амарсанаа тосон авч тамгын газрынхаа үйл ажиллагаатай танилцуулав. Сумдын төрийн үйлчилгээг Нутгийн удирдлагын ордон дотроос бүгдийг авдаг хэв шинжит дүрслэл энд ч мөн адил. Иргэд хэрэгцээт үйлчилгээгээ авсаар л байх.
Харин сумын Нутгийн удирдлагын ордон баригдаад олон жил болсон тул хуучирч элэгдсэн, бас зай багтаамж муутай юм. Том биш нэг өрөөнд улсын бүртгэгч, гэр бүл хүүхэд хамгааллын нийгмийн ажилтан, байгал хамгаалагч, нийгмийн даатгалын ажилтнууд хамт сууна.
Сумын ИТХ-ын дарга нь ажлын албаныхаа хоёр ажилтантай хамт нэг өрөөнд албан ажлаа явуулна. Төрийн үйлчилгээг жигд хүртээмжтэй явуулахад нэн тэргүүнд шаардлагатай зүйл нь Нутгийн удирдлагын шинэ барилга аж. Эл асуудлыг Засаг даргаасаа эхлээд төрийн албаны бүх ажилтнууд дуу нэгтэй хэлнэ лээ.
Ерөөс Баяндэлгэр суманд тулгамдаж буй асуудал зөвхөн Нутгийн удирдлагын ордноор зогсохгүй, Ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, Соёлын төв, хүүхдийн цэцэрлэг гээд төсөв болон төрийн ажил үйлчилгээ, голлодог бүх байгууллагын барилга моралийн элэгдэлд орж, ашиглалтаас гарсан гэхэд болохоор. Өөр байр байхгүй тул засаж сэлбэж янзалсаар өдий хүрчээ.
Төрийн бодлого гэгч чухамдаа анхан шатны нэгжүүдийнхээ бодит байдалтай газар дээр нь танилцаж, барилга байгууламжийн ашиглалтын УЛААН ГЭРЭЛ ассан энэ мэт сум сууринд шийдвэр нь хамгийн түрүүнд хүрэх ёстой бус уу. Сумын удирдлага энэ талаар дээшээ олон удаа хэлж, сануулж, мэдэгдэл, албан бичиг хүргүүлж байсан нь лавтай. Харамсалтай нь монгол төрийн бодлого очих ёстой газраа, хүндээ хүрдэггүй харалган буйн тод жишээ энэ.
СОЁЛЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БАРИЛГААР ДУТУУ
Ямар газар гэдгийг уншигч та шууд хэлбэх биз ээ. Соёлын төвийнхөн өдөр бүр л дуу хуур, бүжиг наадам, урлагийн бүхий л үйл ажиллагааг зохион байгуулдаг ганц газар. Хэдхэн хүний орон тоотой ч бүтэн сумын хэмжээнд болж буй дуу хөгжим, техник хэрэгсэл хэрэгтэй газар бүрд тэд үйлчилнэ. Биднийг Баяндэлгэр суманд ажиллах өдрүүдийн нэгд тус сумын Адуучин тэмцээн болсон юм. Сумын соёлын төвийнхөн тус тэмцээнийг дэмжиж, бүрэн бүрэлдэхүүнээрээ бүтэн өдрийг тэмцээнд зориулсан. Иргэдийн өмнө хүлээсэн энэ завгүй хэр нь жаргалтай ажилдаа тэд хэдийн дасжээ.
Соёлын төвөө өдөр бүр дүүрэн хүнтэй байлгахыг хичээдэг хэмээн эрхлэгч бүсгүй нь ярилаа. Үнэхээр ч дүүрэн байдаг аж. Биднийг очиход хүүхдийн бүжгийн дугуйлангийн бэлтгэл, ахмадуудын урлагийн тоглолтын бэлтгэл давхацсан өдөр таарсан тул дуу шуу, хөл хөдөлгөөн ихтэй.
Соёлын төвийн барилга мөн л олон жилийн настай тул шинэчлэх шаардлагатай болжээ. Уг нь 2021 онд буюу таван жилийн өмнө шинэ Соёлын төвийн барилга эхэлсэн ч төсөв мөнгөний улмаас царцаад байна. Манай улсад төсөв мөнгөтэй холбоотой ийм царцсан барилгуудын тоог гаргавал сонирхолтой статистик гарна даа. Хуучин Соёлын төвийнхөө хойд талд дээрх царцсан барилга харагдана лээ. Энэ барилга баригдчихвал сумын иргэд маань Соёлын төвөө илүү олноор зорино доо хэмээсэн хүлээлт Баяндэлгэр сумынханд соёл түгээгчдийн ярианаас анзаарагдав. Тэдний хувьд өмнөх ажлаа хэнээр ч шахаж шаардуулахгүй хийдэг шижигнэсэн хамт олон байна лээ.
ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГААС БУСДЫГ ШИЙДЭЖ ЯВАА ХАМТ ОЛОН
Манай сумын иргэд дайчин, хөдөлмөрч, шинийг сэтгэхдээ бусдаас шал өөр. Жаахан дэмжээд, залаад өгвөл ч сумаа сэвхийтэл хөгжүүлнэ дээ.. хэмээн ярьсан Баяндэлгэр сумын ахмад багш Р.Дэлгэрцогтын үгийг тус сумын Хүүхдийн цэцэрлэгээр ороод гарахдаа хүлээн зөвшөөрлөө.
Гаднаас нь харахад нэлээд хуучирч, мөн л олон жилийн нар салхи, эдэлгээнд элэгдэлд орсон “буурал” барилга. Шинэ цэцэрлэгийн барилгатай болох нь энэ байгууллагын нэгдүгээрт тулгамдсан асуудал. Суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдаж байгаа. Ирэх оны 9 дүгээр сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Тэр барилгадаа орчихвол ч...гэсэн дүүрэн мөрөөдөлтэй ажилтнууд л угтаж авах нь гэгээхэн.
Эрхлэгч нь цэцэрлэгийнхээ хашаанд монгол гэр барьж ажлаа явуулна. Түүнээс гадна залгуулан барьсан хоёр ч монгол гэрт хоёр бүлэг хичээллэнэ. Цэцэрлэгийн зай талбай, багтаамж хүрэлцэхгүй учир 2013 оноос ийм шийдэлд хүрчээ. Тус цэцэрлэгт өдрийн 9 бүлэгт 257, хувилбарт сургалтад 39 хүүхэд хамруулж СӨБ олгож байна.
Мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан, 34 алба хаагч сумынхаа цэцэрлэгийн хүүхдүүдийг өглөөнөөс орой хүртэл эцэг, эхийнх нь найдвартай ар тал болж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг.
Цэцэрлэгийн доторх анги танхимаа нөөц боломждоо тулгуурлан цоо шинэ айл мэт тохижуулжээ. Тэдэнд хүүхдүүдийн эцэг, эхийн дэмжлэг орсон нь бүүр таатай. Бүх өрөө тасалгаагаар явахад өөлөх юмгүй гял, цал. Дутуу зүйлгүй цэвэр цэмцгэр. Бүлгийн багш, бусад ажилтнууд даасан ажлаа ягштал хийдэг нь энэ хамт олны хэний ч өмнө бардам итгэлтэй байдаг үнэ цэн нь ажээ. Үйл ажиллагаагаараа аймгийн хэмжээнд олон удаа тэргүүлж, манлайлсан цом, өргөмжлөлүүд эрхлэгч бүсгүй албан гэрийг чимнэ.
Оюуны хөгжлийн дугуйлан үр дүнтэй хичээллэдэг учир математик суурь сайтай хүүхдүүд сургуульд ордог. Аймгийнхаа Оюуны хөгжлийн Аварга цэцэрлэгээр таван удаа шалгарчээ.
Бүлгийн багш нарын чиглүүлэг хичээлд хүүхдүүд нь дуртай юмаа. Ангаахайнууд шиг л багшийгаа хэлсэн заасныг давтан шулганана. Дунд бүлгийн багш Б.Пүрэвсүрэн хүүхдэд хайртай, уяхан сэтгэлтэй учраас цэцэрлэгийн багш мэргэжлийг сонгосон гэдгээ ч ярьсан. Ажилдаа сэтгэлтэй ийм хамт олонтой ажиллах хэчнээн урамтай байдгаа эрхлэгч М Дэлгэрбуян хэлсэн.
Тэд одоо шинэ цэцэрлэгийн барилгатай болчихвол ажилтай, анхиатай айл байгаагаа цэмбийтэл торддог шиг л цэцэрлэгээ сэвхийтэл аваад явчих бүрэн дүүрэн сэтгэл энэ хамт олонд байгаад бахархав.
СУМЫН СУРГУУЛЬ ХОНГИЛДОО ДУГУЙЛАН СЕКЦ ХИЧЭЭЛЛҮҮЛЖ БАЙНА
Баяндэлгэр суманд ажиллах үеэр төсвийн байгууллагын үйл ажиллагаанд дээр дурдсанчлан тулгамдсан зүйл нь албан байгууллагын барилгын асуудал бүгдэд хурцаджээ. Эдний нэг нь сумын Ерөнхий боловсролын сургууль.
Сургуулийн барилга 1976 онд ашиглалтад орсноос хойш одоо хүртэл сумынхаа сурагчдад ерөнхий боловсрол олгосоор 50 жил өнгөрч буй барилга аж. 2014 онд өргөтгөл хийсэн ч одоо барилгад суулт өгч зарим газартаа ан цав үүсээд буйд санаа зовниж буйгаа сургуулийн удирдлагууд ярилаа.
Сургуульд34 бүлгийн 1046 сурагчтай, 56 багштай, үүн дээр ажилтан алба хаагчийг нэмээд 97 хүн ажилладаг. Нэгдүгээр ангид гурван бүлгийн 86 хүүхэд элсэн суралцаж буй. Дотуур байрт 120 орчим хүүхэд амьдарч байна.
Математикийн багшаас бусад мэргэжлийн багш нар энэ сургуульд харьцангуй хүрэлцээтэй. Багш, хүүхдүүд дугуйлан секцэд хамрагдахыг хүсдэг ч анги танхимын хүрэлцээ муу учраас сургуулийнхаа хонгилд хичээллүүлдэг хэмээн тэд ярилаа.
Хэдийгээр сургалтын орчин тааруу ч хичээлийн дунджаар улс, аймгийн хэмжээнд дээгүүр жагсдаг. Нөөц боломжоо тултал ашигладаг сайн жишиг Баяндэлгэр сумын бүхий л нэгжүүдэд үйлчилдгийн жишээ юм уу даа.
2025-2026 оны хичээлийн жилийн Элсэлтийн шалгалтаар тус сургуулийн сурагч Монгол хэлний хичээлээр 800 оноо авсан. Энэ мэтээр хичээдэг, зүтгэдэг багш сурагчид энэ сургуульд олон бий.
Гагц сургуулийн шинэ барилга хэрэгтэй байгааг захын сурагчаас асуухад хэлэх биз ээ.
Боловсролыг дээдлэх нь хөгжлийн амин сүнс гэдгийг бодлого боловсруулагчид мэдэх хойно доо.
ЭЛДЭВ ЧАМИРХАЛГҮЙ, ЭГЭЛ ТӨРХТЭЙ СУМЫН ТӨВ
Сумдад ажиллах нэг тийм тайван, амгалан нээлттэй хүмүүс хүрээлдэг сэн. Баяндэлгэр сум ч ялгаагүй. Сумын төвд инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний ажил эхлээд жил гаруй болж байна. Орон нутгийн иргэдийн тав тухтай амьдрах суурь шийдэл болсон энэхүү ажлын явц эрчимтэй үргэлжилж байлаа.
Энэ ажлаа дуусгасны дараа сумын төвд хатуу хучилттай зам барих ажлаа эхлүүлнэ хэмээн Засаг дарга Д.Аваажигмэд ярилаа. Тэрээр Баяндэлгэр сумыг удирдаад жил гаруй болж байгаа сумандаа төрж, өссөн, сургуулийг нь дүүргэсэн унаган иргэн. Дорноговь аймагт ажиллаж амьдарч байжээ.
Сумаа хөгжүүлэх чин хүсэл өвөрлөсөн тул эхэлсэн ажлынхаа үр дүнг харна. Баяндэлгэрчүүдэд тулгамдаад байгаа асуудал удахгүй ард үлдэнэ гэдэгт итгэл дүүрэн байсан юм.
Сумын буудлын цонхоор өглөө бүр харагддаг спортын талбай, том ёмкость, түүний цаахан талд байх шатахуун түгээх станц... Ажил, сургуульдаа яарсан хүмүүс, сургуулийн хүүхдүүд цаанаа л элдэв маяггүй, эгэл төрхтэй Баяндэлгэр сум.
Бөмбөрцгийн аль ч бөөрөнд үргэлжлэх амьдралын амт, аз жаргалыг эх орны маань өнцөг булан бүрийн сумын төвд өнжин сурвалжилж харж, мэдэрч, амталсан тэмдэглэлээ үүгээр жаргаая.


